Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллеж нь өнгөрсөн хичээлийн жилд Ази Номхон Далайн Бүсийн Магадлан Итгэмжлэл, Гэрчилгээжүүлэлтийн комисс (APACC)-оор амжилттай магадлан итгэмжлэгдэж, алтан өргөмжлөл хүртэж байсан билээ.
Энэ хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын ACQUIN байгууллагад хүсэлт гаргасны үндсэн дээр “Хоолны үйлчилгээ”, “Мал, амьтны эмнэлзүй”, “Барилгын сантехник, хоолой угсралт” техникийн боловсрол олгох сургалтын гурван хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар олон улсын шинжээчийн баг 2025 оны 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиласан.
Олон улсын шинжээчийн багтай Удирдах зөвлөлийн дарга Т.Ням-Очир болон гишүүд уулзаж, мэдээлэл солилцлоо. Энэхүү хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжилд сайн жишиг болж байгаа бөгөөд бодит үр дүн авчрах нь дамжиггүй юм.
Сургуулийн зүгээс олон улсын магадлан итгэмжлэлд бэлдэж, өөрийн үнэлгээний бүхий л тайлан, хөтөлбөр, багш, суралцагчийн гарын авлагыг англи хэл рүү хөрвүүлэн бэлтгэсэн. Шинжээчийн багийн зүгээс сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байв.






